Манлайлагчдын үзэл бодол: Бид уул уурхайн үйл ажиллагааг хянаж чадах мэдлэгтэй боллоо

 

Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратеги баримтлан гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учруулах аюулыг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Энэхүү хүрээнд эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал төслийн манлайлагчдын сургалтад хамрагдсан хүмүүсийн бодол сэтгэгдлийг та бүхэндээ цувралаар хүргэх гэж байна.

“ЭГЭЭББ төслийн манлайлагчдын үзэл бодол” цуврал блог нь манлайлагч нар төслийн сургалтад хамрагдсанаар орон нутагтаа оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй газар эдэлбэрийн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй талаар өгүүлэх юм.

Манлайлагч П.Пүрэвдолгор:

Би улсынхаа нийслэлээс 500 гаруй км-т Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Талын Бууц гэдэг газар амьдардаг малчин.  Манайх ихэвчлэн бог малтай, түүнийхээ мах, ноос ноолуурыг зарж өрхийн орлогоо бүрдүүлдэг.  Намайг бага байхад төрсөн газар нутагт маань олон төрлийн ургамал ногоо ургадаг байлаа. Энэ сайхан нутагтаа төрж, өсч өдийг хүртэл амьдарч байгаа болохоор нутаг орныхоо ургамал ногоо бүрийг нэрлэж чаддаг.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд байдал эрс өөрчлөгдлөө. Даланжаргалан сумын маань нутаг дэвсгэрийн 80 хувийг уул уурхайн лицензтэй талбай эзлэх болжээ. Өнөөдрийн байдлаар манай гэрийн ойр орчим тойроод 8 уул уурхай үйл ажиллагаагаа явуулж байна.  Уул уурхай эхэлсэн цагаас хойш бага насанд маань ургадаг байсан олон төрлийн ургамал нүдэн дээр цөөрч, устаж үгүй болж байна. Хүүхэд байх үеийнх шиг байхаа болсон ургамал ус, нутаг орноо харах бүрий дээ л гуниглаж сууна.  Хэд хэдэн булаг шанд, газрын ус ширгэж үгүй болохыг бас л нүдээрээ хараад гуниглаж бас бухимдал өөрийн эрхгүй төрсөн. Тэрчлэн цэлгэр уудам тал, цээж дүүргэх цэвэр агаар, мөнх хөх тэнгэрийг хардаг байсан би одоо утаа, тоос тортог болсон бараан дүр зургийг ихэвчлэн хардаг боллоо. 

Эрүүл бус орчинд амьдрахтай зэрэгцээд малын тарга тэвээрэг эрс муудаж байна. Өмнөх шиг эрүүл бэлчээр, цэнгэг усаа уудаг байсан мал тэвээрэг алдаж, хордож эхэлсэн.  Уур уурхай эхлэхээс өмнө хонины амьдын жин 32 кг татдаг байсан бол одоо дөнгөж 25 кг л хүрч байна. Манай эндэхийн ямааны ноос хүртэл тоос тортог ихтэй гээд үнэ хүрэхээ байсан.  

Манлайлагч хүний хувьд би орон нутгийнхантайгаа хамтран хариуцлагагүй уур уурхайг зогсоох талаар ажиллаж байна. Би ЭГЭЭББ төслийн хүрээнд Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагаас зохион байгуулсан манлайлагч нарын сургалтын хөтөлбөрт хамрагдаж уул уурхайн компаниудад шаардлага тавьж, тэдний хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавин ажиллаж чаддаг боллоо. 

Тухайлбал, ойр хавийн уул уурхайн хүмүүстэй ярилцаж ойлголцон орчны цэвэрлэгээ хийлгэж байна.  
Манай сумынхан Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж засгийн газрын өмнө шаардлага тавин, асуудлуудынхаа заримыг шийдүүлж чадсан.  Бид одоогоор 10 хариуцлагагүй уул уурхайн 10 кампанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа хэдий ч газар нутаг, уул ус, ургамал амьтнаа хамгаалан цаашид ч идэвхийлэн хөдлөх болно.  Манлайлагчид бид эрх үүрэг, хууль эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг мэдээлэлтэй болсон учир өөрсдийн тэмүүлсэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.  

П.Пүрэвдолгор нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин бөгөөд 2018 оноос Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагаас Мокоро олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй ЭГЭЭББ төслийн хүрээнд зохион байгуулагдсан орон нутгийн манлайлагч нарын газар болон жендерийн сургалтын хөтөлбөрт хамрагдсан юм. 2020 онд орон нутагтаа шинэ манлайлагч нарыг бэлтгэхэд ментороор ажилласан билээ.  

Та бүхэн Мокоро олон улсын байгууллагын вэб сайтад 2022 оны 11-р сарын 30-ний өдөр нийтлэгдсэн энэхүү бичвэрийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.