Энэхүү сайн дурын зөвлөмж нь бүх нийтийн хүнсний аюулгүй байдлыг хангах болон үндэсний хүнсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд зохих хэмжээний хангалттай хүнстэй байх эрхийг системтэйгээр баталгаажуулах явдлыг дэмжих эрхэм зорилгын үүднээс газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн засаглалыг сайжруулахад гарын авлага болгон ашиглах, удирдамжаар хангах зорилготой юм.
Энэхүү зөвлөмж нь тогтвортой хөгжлийн зарчим дээр үндэслэн, мөн газрын асуудал хөгжил дэвшилд голлох үүрэгтэй гэдэг үүднээс газар, загас, ойн нөөцийг эзэмших, тэгш эрхтэйгээр ашиглах, хүртэх явдлыг хөхүүлэн дэмжих замаар өлсгөлөн, ядуурлыг арилгах дэлхий нийтийн болон үндэсний хэмжээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн.
Өлсгөлөн, ядуурлыг арилгах явдал болон байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт нь газар, загас, ойн нөөц нь нийт хүмүүс, нутгийн иргэд болон бусдад хэр хүртээмжтэй байгаагаас ихээхэн хамаарна. Олон хүний, ялангуяа хөдөөгийн ядуу дорой иргэдийн амьжиргаа нь эдгээр байгалийн нөөцөөс хүртэж ашиглах боломжоор тэд хэр найдвартай, тэгш байдлаар хангагдсан бэ гэдгээс шалтгаалдаг. Эдгээр нөөц нь хүмүүст хоол хүнс, орон байрны хангамжийнх нь эх үүсвэр, нийгэм, соёл, шашны зан үйлийнх нь үндэслэл болж, улс орны эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь болдог.
Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн талаар хариуцлагатай зохицуулалт хийх нь байгалийн бусад нөөц түүний дотор ус болон эрдэс баялгийн нөөцийг эзэмшиж ашиглахтай салшгүй холбоотой гэдгийг дурьдах нь зүйтэй. Эдгээр байгалийн нөөцийг захиран зарцуулах янз бүрийн үндэсний хэмжээний аргачлал, систем байдгийг харгалзан, улс үндэстнүүд эл зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ үндэснийхээ онцлогт тохируулан тухайн нөхцөл байдалд байгалийн нөөц баялгаа хэрхэн цогц байдлаар эзэмшиж, захиран зарцуулахаа шийдвэрлэх нь зүйтэй.