Танилцуулга, аргачлал
Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратеги баримтлан гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгаанытөсөл нь “Монгол болон Танзани улс дахь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдалд учрах аюулыг судлах” гэсэн судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Монгол улс дахь Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ- тай хамтран уул уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөлөлд өртсөн бэлчээрийн газар нутаг дахь эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал ямар байгааг танадан судалж, эмэгтэйчүүдийн болон нийгмийн эмзэг бүлгийн газрын эрхэд учруулахгол аюулуудыг тогтоохын тулд хамтын оролцооны болон тоон судалгааны аргын аль альныг нь ашиглан судалгаа хийж байна. ЭГЭЭББ төслийн зорилго нь газар эдэлбэрийн засаглал дахь жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах болон орон нутаг дахь эмзэг бүлгийнхний газрын эрхийг баталгаажуулах боломжийг судалж, улмаар газар болон байгалийн нөөцөд учрах аюул заналаас хамтаараа сэргийлэхэд нутгийн иргэдэд туслах зорилготой билээ. (ЭГЭЭББ төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас үзээрэй: http://mokoro.co.uk/project/wolts)
Энэхүү хураангуй тайланд 2017 оны 10-р сараас 2018 оны 8-р сарын хооронд бидний хийсэн анхны танилцах аялал, суурь судалгаа болон хамтын оролцоотой судалгаанаас гарсан үр дүнг танилцуулж байна. Мөн бид 2018 оны 12-р сард орон нутагт эргэн очиж судалгааны анхан шатны үр дүнг танилцуулж, баталгаажуулсан юм. Бид Цэнхэр сумын ард иргэдийн найрсаг зочломтгой зан, сумын засаг захиргааны дэмжлэгт талархаж байна.
Бид 2018 оны 2, 3- р сард Цэнхэр сумын бүх багийн өрхийн 10% -ыг хамруулсан суурь судалгаа хийсэн. Нийт 170 өрх хамрагдсан бөгөөд 137 өрх нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон, нэмж 24 өрх толгойлсон эмэгтэйтэй өрх, 9 өрх толгойлсон эрэгтэйтэй өрх байв. Өөрөөр хэлбэл нийт судалгаанд хамрагдсан өрхийн 81% нь санамсаргүй түүврийн аргаар сонгосон (117 эрэгтэй болон 20 өрх толгойлсон эмэгтэйтэй өрх), 19% нь зориудаар сонгосон өрх толгойлсон эмзэг бүлгийн эмэгтэйтэй эсхүл эрэгтэйтэй өрх байв. Ингэж эмзэг бүлгийн өрхийг судалгаанд олноор хамруулж эмзэг бүлгийн жендэрийн асуудлыг олж тогтоох зорилготой байв. Ийнхүү судалгаанд нэмэлтээр хамрагдсан 33 өрхөөс авсан мэдээллийг суурь судалгааны ерөнхий дүн шинжилгээнд оруулалгүй зөвхөн өрх толгойлсон эмэгтэйтэй эсхүл эрэгтэйтэй өрхийг харьцуулсан дүн шинжилгээ хийхэд хэрэглэв.
Бид 2018 оны 8-р сард хамтын оролцооны аргаар судалгаа хийж нийт 12 зорилтот бүлгийн уулзалт (ЗБУ), 19 хувь хүмүүстэй ярилцлага (ХХЯ) хийж 124 хүнтэй уулзсан байна. Суурь судалгааны шинжилгээний үр дүнд үндэслэн янз бүрийн асуудал, онцлогийг шинжлэхийн тулд цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн янз бүрийн нийгмийн бүлгийн төлөөллүүд болон хувь хүмүүстэй тусгайлсан уулзалт, ярилцлага хийхийг зорьсон (жишээ нь, бэлэвсэн хүмүүс, уурхайчид, гэрлэсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд гэх мэт). ЗБУ-ын бүтцийг оролцооны аргуудыг ашиглаж боловсруулсан (байгалийн нөөцийн зураглал, нүүдлийн зураглал, улирлын хөдөлмөрийн ачаалал, оролцогч талуудын зураглал, дүн шинжилгээ). ХХЯ – ын бүтцийг урьдчилан боловсруулж, ярилцлага хийж буй хувь хүний нөхцөл байдалд тохируулан тэдний амь амьдрал, амьжиргааны талаар, хүүхэд байхаас нь эхлээд янз бүрийн байгалийн нөөцийг олж хүртэх хэлбэр, жендэрийн харилцааны талаар аль альных нь тухай мэдэж авах зорилготой асуултууд байв.
Мөн бид судалгааныхаа хүрээнд орон нутгийн засаг захиргааны мэргэжилтнүүд, Цэнхэр суманд ажиллаж буй уул уурхай, аялал жуулчлалын компаниудын төлөөллүүдтэй ярилцлага хийсэн. Мөн орон нутгийн иргэдэд судалгааны анхны тайланг танилцуулж, санал авч, баталгаажуулах уулзалтыг (САБУ) хамтын оролцооны аргаар 5 удаа хийж, орон нутгийн захиргаатай САБУ -г 2018 оны 8 –р сард хийсэн.